Одоо тус сум нь 4 баг, 626 өрх, 2077 хүн ам, 149943 толгой малтай,  Улаанбаатар хотоос 520 км, аймгийн төвөөс 105 км зайтай, өөрийн аймгийн Богд, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Тарагт сумдтай хиллэн говийн бүсэд оршдог.

            Байгаль газар зүйн хувьд сумын нутгийн хойд талд нь хуурай хээрийн, өмнөд тал нь цөлийн хээрийн дэд бүсэд хамаарагддаг, хуурайдуу дулаавтар  уур амьсгалтай.

            Нутаг дэвсгэр – 475250 га газар нутагтай,   үүнээс хөдөө аж ахуйн газар 464642 га, хот тосгонд 1099 га, зам шугам сүлжээ 501 га, ойн сан 8800 га, усан сан 207 га,  улсын тусгай хэрэгцээнд 1 га  эзэлж байна. 

            Газар зүйн байршил- Аргуйт голын зүүн хөвөөө Гурван бургасны  уужим толионд, Монгол орны төвийн бүсийн өмнөд хэсэгт хойд өргөргийн 44056”41”-с45046”41-ийн хооронд , зүүн уртрагийн 101051”58”-с 102053”15”- солбицлын хооронд оршдог.

            Газрын гадарга: Сум нь далайн төвшнөөс дээш дунджаар 1490 м, хамгийн.  өндөр цэг Аргалант 1875м, хамгийн нам цэг Монголын хоолой 1279м өргөгджээ. Сумын нутаг нь ерөнхийдөө уул нурууд, цав толгод, ухаа гүвээт тал, хотгор хонхор голлосон гадаргатай юм. Аргалант, Шийр, Эрээлжүүт, Үнэгт, Хонгор, сөнөсөн галт уул Тогоохайрхан зэрэг уул нурууд, Гучин, Хөөвөр, Тэтэн, Харганы өргөн уудам талууд, Хужирт, Бударгана, Тэргэн, Монголын хоолой зэрэг уужим цэлгэр хоолой, Ар-Агуйт, Хүнхрээгийн гол, Хатангийн гурван булаг  зэрэг нь сумын нутгийн үндсэн дүр төрхийг илтгэн харуулна.

            Ус зүйн нөхцөл: Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах ба усны сүлжээний нягтшил нь /1000м2 ноогдох уртыг км-ээр илэрхийлсэн утга / 0,01км2 байна. Энд хур тунадас харьцангүй бага, хуурайшилт ихтэй учир голууд нь уулсаас эх авч тал хөндий рүү чиглэхдээ уурших эсвэл хөвсгөр зузаан хөрсөнд шургах замаар аль нэг нуурт цутгадаг. Сумын нутгаар Аргуй, Хүнхрээ зэрэг голууд урсах ба Гурван хатан, Тэтэнгийн хөөвөр, Баруун ганга, Зүүн цавчир зэрэг булаг шандтай.

             Байгалийн бүс бүслүүрийн хувьд заримдаг цөлийн дэд бүсэд багтах ба нутгийн хойд талаар хүрэн, дундуур цайвар хүрэн, урдуур цөлөрхөг хээрийн бор хөрс голлон тархсан. Ургамалжилтын хувьд нутгийн хойд тал нь хуурай хээрийн дэд бүсэд, өмнөд тал нь цөлийн хээрийн бүсэд багтаж, нутгийн толгодорхог хэсгээр хуурай хээрийн шинжийг хадгалсан шивээт хялганат болон жижиг үетэн алаг өвст бэлчээр, бусад хэсгээр цөлөрхөг хээрийн бэлчээр тархжээ.

            Байгалийн баялаг ан амьтан: Сумын нутагт аргаль, хар сүүлт, цагаан зээр, үнэг, хярс, өмхий хүрэн, тарвага зэрэг үслэг ан, тоодог, ятуу, ногтруу зэрэг жигүүртэн шувууд, төмөр, зэс, гөлтгөнө, мана, болор, шохойн чулуу, шатдаг занар, уран, шөрмөсөн чулуу зэрэг байгалийн баялгийн илэрцүүдтэй.